Монголчууд цагаан сараар хөөрөг эөрүүлдэг заншилтай ард түмэн. Шинийн нэгний өглөө айл, гэрийн эзэн хөөрөг, гаансаар тамхилах ёс гүйцэтгэдэг байсан. Энэхүү сайхан ёсыг өнөөг хүртэл хадгалж үлдсэн билээ. Ирсэн зочинтойгоо гэрийн эзэн тамхилахдаа толгойг нь сулруулж өгдөг. Харин уй гашуу тохиолдсон үед хөөргийн толгойг суллаад эргүүлэн өгөхдөө дарс хийж өгдөг байжээ. Удахгүй сар шинийн баяр болно.
Үүнийг тохиолдуулан хөөрөгний үзэсгэлэн худалдаа хуучнаар Туул рестораны хойно байрлах “Art house” -ын хоёрдугаар давхарт нээгджээ. “Эртний эдлэл цуглуулагчдын холбоо”-оос сар шинийн баярыг тохиолдуулан уран дархчуудын эртний болон орчин үеийн хийцтэй хөөрөг, үнэт эдлэл, гоёл чимэглэлийн худалдааг зохиосон байна. Эртний хийцийн хөөрөг сонирхдог хүмүүс ирж худалдан авч байгаа ажээ. Үзэсгэлэн худалдаанд том, жижиг мөнгөн аяга, бурхан, хэт хутга хэрэгслийн хамт, олон төрлийн хөөрөг дэлгэснээс гадна зөвхөн захиалгаар хийгдсэн монгол гутал хүртэл байлаа. Үзэсгэлэнд тавьсан эртний эдлэлүүдээс хамгийн их сонголттой нь хөөрөг байсан юм.
Хаш, мана, шүр, номин, гартаам төрөл бүрийн чулуугаар урласан 50 гаруй хөөргийг үзэсгэлэнд дэлгэсэн байв. Үнэт эдлэлийн үнэ нь түүнийг урласан цаг хугацаа, хийцээс шууд хамаардаг. Харин үзэсгэлэнд дэлгэгдсэн хөөргийн хувьд хоёр саяас эхлээд 80 сая хүртэл үнээр борлуулагдаж байсан. Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмуүсийн сонирхлыг 32 наамал угалзтай, булигараар урласан монгол гутал татаж байсан юм. Нарийн хээ угалзыг урласан гутлыг жилдээ хоёрхон удаа л хийдэг ажээ. Энэхүү гутлыг олны танил хүмүүс захиалгаар оёулдаг гэж байлаа. Үзэсгэлэнгийн танхимд иж бүрэн тоноглолтой эмээлийг мөн тавьсан байв. XX зууны Дарьганга, Боржигон хийцтэй эмээл байгаа аж.
Мөн их, бага, дунд гарын мөнгөн аягыг “Хос бажраа” уран дархны газар урладаг байна. Харин хүрэн зандангийн үндсээр хийсэн мөнгөнтавгийг 25 сая төгрөгөөр борлуулж байв. Мөн зэсэн дээр мөнгөөр товойлгон урласан сангийн бойпор 15 сая төгрөгийн үнэтэй аж.
No comments:
Post a Comment